МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ЕСДҮГЭЭР ЧУУЛГАН БОЛЛОО

Монголын оюутны спортын холбооны (МОСХ) ээлжит IX Чуулган нь 2025 оны 12 дугаар сарын 24-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Түмэн эх” чуулгын байранд зохион байгуулагдлаа. Чуулганд Архангай, Дархан-Уул, Ховд, Завхан аймаг, нийслэлийн 30 гаруй их, дээд сургуулийн 53 гаруй багш, оюутан, удирдах ажилтнууд оролцов.
Чуулганаар МОСХ-ны 2022-2025 оны үйл ажиллагааны тайланг МОСХ-ны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан, Хяналтын зөвлөлийн тайланг Мон-Алтиус ДС-ийн захирал, МОСХ-ны Хяналтын зөвлөлийн дарга М.Өсөхбаяр, 2026-2029 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Эрдэнэтуяа нар хэлэлцүүлэв.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан, 10 төлөөлөгч санал гарган, үг хэлж, Чуулганы шийдвэр, тогтоолыг хэлэлцэхэд саналыг тусган оруулж батлав. МОСХ-ны Чуулганы төлөөлөгчид МОСХ-ноос 2022-2025 онд явуулсан ажил, үйл ажиллагаа сайшаан үзэж, санал нэгтэй дэмжив.
Чуулганаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэн МОСХ-ны Ерөнхийлөгчөөр, ОУОСХ-ны ерөнхий санхүүч Д.Баясгаланг улираан сонгож, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Гавьяат дасгалжуулагч Ч.Эрдэнэтуяаг 2029 оныг хүртэл дөрвөн жилийн хугацаагаар сонгосон байна. МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр ХЗДХ-ийн дэд сайд, Сити их сургуулийн ТУЗ-ийн дарга Д.Мөнх-Эрдэнэ, ҮБТИС-ийн проректор, ШУ-ны доктор, профессор Л.Гүндэгмаа, МУИС-ийн БТ-ын тэнхимийн эрхлэгч Р.Гантулга, МУБИС-ийн БТС-ийн захирал С.Болд-Эрднэ, ШУТИС-ийн БТ-ын тэнхимийн эрхлэгч Б.Ганзориг, ХААИС-ийн БТ-ын тэнхимийн эрхлэгч Л.Загдсүрэн, ДХИС-ийн БТ-ийн тэнхимийн эрхлэгч Ж.Оргил, ҮБХИС-ийн БТ-ын тэнхимийн эрхлэгч Н.Батсайхан, Монголын Оюутны сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч О.Тэнүүн, Оюутны таеквондогийн холбооны Ерөнхийлөгч П.Батхүү нарыг нэр дэвшүүлэн Чуулганы төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгож батлалаа.
МОСХ-ны Хяналтын зөвлөлийн даргаар Мон-Алтиус ДС-ийн захирал, Гавъяат багш М.Өсөхбаяр, гишүүдэд Ховд аймаг дахь МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн багш Н.Баярболд, “Аварга” ДС-ийн сургалтын албаны дарга Г.Ундрах нарыг сонгон батлав.
Чуулганы үеэр “Монгол Улсын Оюутны спортын холбооны 2025 оны шилдэг оюутан тамирчин”-ны шагналыг гардуулаа. Оны шилдэг тамирчнаар Герман Улсад 2025 оны 07 дугаар сард болсон Дэлхийн оюутны спортын зуны “XXXII Универсиад” наадмын жүдо бөхийн 60 кг жинд хүрэл медаль хүртсэн ҮБТИС-ийн тамирчин Т.Түмэнжаргал, Мөн энэхүү Универсиад наадамд оролцон, 3 орны багийг хожиж амжилттай тоглосон волейболын эмэгтэй багийн довтлогч, ҮБТИС-ийн тамирчин Х.Нэргүй нар шалгарч МОСХ-ны 2025 оны “Шилдэг оюутан тамирчин”-ны өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнагдсан байна. Чуулганы төгсгөлд төлөөлөгч нарт “Түмэн эх” чуулгын уран бүтээлчдийн сонирхолтой тоглолтыг үзүүлсэн байна.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
