МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ЕСДҮГЭЭР ЧУУЛГАН БОЛЛОО


МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ЕСДҮГЭЭР ЧУУЛГАН БОЛЛОО

Монголын оюутны спортын холбооны (МОСХ) ээлжит IX Чуулган нь 2025 оны 12 дугаар сарын 24-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Түмэн эх” чуулгын байранд зохион байгуулагдлаа. Чуулганд Архангай, Дархан-Уул, Ховд, Завхан  аймаг, нийслэлийн 30 гаруй их, дээд сургуулийн 53 гаруй багш, оюутан, удирдах ажилтнууд оролцов.

Чуулганаар МОСХ-ны 2022-2025 оны үйл ажиллагааны тайланг МОСХ-ны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан, Хяналтын зөвлөлийн тайланг Мон-Алтиус ДС-ийн захирал, МОСХ-ны Хяналтын зөвлөлийн дарга М.Өсөхбаяр, 2026-2029 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Эрдэнэтуяа нар хэлэлцүүлэв.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан, 10 төлөөлөгч санал гарган, үг хэлж, Чуулганы шийдвэр, тогтоолыг хэлэлцэхэд саналыг тусган оруулж батлав. МОСХ-ны Чуулганы төлөөлөгчид МОСХ-ноос 2022-2025 онд явуулсан ажил, үйл ажиллагаа сайшаан үзэж, санал нэгтэй дэмжив.

Чуулганаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэн МОСХ-ны Ерөнхийлөгчөөр, ОУОСХ-ны ерөнхий санхүүч Д.Баясгаланг улираан сонгож,  МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Гавьяат дасгалжуулагч Ч.Эрдэнэтуяаг 2029 оныг хүртэл дөрвөн жилийн хугацаагаар сонгосон байна. МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр ХЗДХ-ийн дэд сайд, Сити их сургуулийн ТУЗ-ийн дарга Д.Мөнх-Эрдэнэ, ҮБТИС-ийн проректор, ШУ-ны доктор, профессор Л.Гүндэгмаа, МУИС-ийн БТ-ын тэнхимийн эрхлэгч Р.Гантулга, МУБИС-ийн БТС-ийн захирал С.Болд-Эрднэ, ШУТИС-ийн БТ-ын тэнхимийн эрхлэгч Б.Ганзориг, ХААИС-ийн БТ-ын тэнхимийн эрхлэгч Л.Загдсүрэн, ДХИС-ийн БТ-ийн тэнхимийн эрхлэгч Ж.Оргил, ҮБХИС-ийн БТ-ын тэнхимийн эрхлэгч Н.Батсайхан, Монголын Оюутны сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч О.Тэнүүн,  Оюутны таеквондогийн холбооны Ерөнхийлөгч П.Батхүү нарыг нэр дэвшүүлэн Чуулганы төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгож батлалаа.

МОСХ-ны Хяналтын зөвлөлийн даргаар Мон-Алтиус ДС-ийн захирал, Гавъяат багш М.Өсөхбаяр, гишүүдэд Ховд аймаг дахь МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн багш Н.Баярболд, “Аварга” ДС-ийн сургалтын албаны дарга Г.Ундрах нарыг сонгон батлав.

Чуулганы үеэр “Монгол Улсын Оюутны спортын холбооны 2025 оны шилдэг оюутан тамирчин”-ны шагналыг гардуулаа. Оны шилдэг тамирчнаар Герман Улсад 2025 оны 07 дугаар сард болсон Дэлхийн оюутны спортын зуны “XXXII Универсиад” наадмын жүдо бөхийн 60 кг жинд хүрэл медаль хүртсэн ҮБТИС-ийн тамирчин Т.Түмэнжаргал, Мөн энэхүү Универсиад наадамд оролцон, 3 орны багийг хожиж амжилттай тоглосон волейболын эмэгтэй багийн довтлогч, ҮБТИС-ийн тамирчин Х.Нэргүй нар шалгарч МОСХ-ны 2025 оны “Шилдэг оюутан тамирчин”-ны өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнагдсан байна. Чуулганы төгсгөлд төлөөлөгч нарт “Түмэн эх” чуулгын уран бүтээлчдийн сонирхолтой тоглолтыг үзүүлсэн байна.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО